Ковид-19

Дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдээд байгаа COVID-19 шинэ коронавирусын тохиолдол дэлхий даяар 7 саяд хүрлээ... ДЭМБ-аас өдөр тутамд гаргадаг COVID-19 цар тахлын дэгдэлтийн талаарх статистик мэдээллээр шинэ коронавирусын халдвар 7 саяд хүрч, нийтдээ 402,7 мянган хүн амь насаа алдаж, эдгэсэн хүний тоо 3 сая 500 мянгад хүрээд байна. 

Ингэхдээ ДЭМБ-ын жагсаалтын эхний 3 мөрөнд АНУ, Бразил, ОХУ бичигдсэн хэвээр байна. Зөвхөн АНУ-д л гэхэд COVID-19-ийн тохиолдол 1 сая 980 мянгад хүрч, тун удахгүй 2 сая болох нь тодорхой байгаа юм. Америкт цар тахлын халдвараар нас барсан хүний тоо 112 мянга болж, эдгэрсэн хүний тоо 528 мянга байна.

Араас нь ДЭМБ-ын жагсаалтад нийтдээ 692 мянган тохиолдол, 36,500 нас баралт бүртгэгдээд байгаа Бразил улс 2-р мөрөнд жагсч байгаа юм. Тэгвэл 3-р мөрөнд 477 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа ОХУ бичигдэж байна. Манай хойд хөршид өнөөдрийн байдлаар COVID-19 цар тахлаас 6 мянган хүн нас бараад байгаа юм.