ДЭМБ-ын мэдээлж байгаагаар дэлхийн улс орнуудад COVID-19 коронавирусний халдварын нөхцөл байдал хэсэг намжсан ч эргээд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Францад шинэ долоо хоногийн эхээр цар тахлын журмаа сулруулж, олон нийтийн газарт амны хаалт зүүх журмаа халсан. Европын улс орнуудад мөн цар тахлын үеийн журмаа сулруулсаар байна.
Тэгвэл ийнхүү цар тахалтай холбоотой дүрэм журмаа сулруулах нь эргээд коронавирусний өвчлөлийг нэмэгдүүлж болзошгүй гэж эмч мэргэжилтнүүд болгоомжилж байна. Францын Эрүүл мэндийн сайд Жан Ив Ле Дриан энэ талаар анхааруулж, иргэдээ цар тахлын дүрэм журам суларсан ч дор бүрнээ эрүүл ахуйн журмаа үргэлжлүүлэн сахихад уриалжээ. Герман улсад энэ сарын 20-ноос эхлэн ковидын дүрэм журмаа мөн сулруулж байгаа юм. Германы Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах энэ долоо хоногт коронавирусний шинэ тохиолдол дахин нэмэгдэж болзошгүй гэж анхааруулж байна.
Нидерландад энэ сарын 23-наас эхлэн мөн цар тахлын дүрэм журмаа сулруулж байгаа бол Их Британид энэ сарын 18-наас эхлэн гадны аялагч жуулчдад тавьсан хязгаарлалтаа мөн цуцалж байна. ДЭМБ-аас мэдээлж байгаагаар улс орнуудад цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Тухайлбал Хятадад коронавирусний шинэ давалгаа дэгдэж, зарим хотуудад локдаун зарлаад байгаа бол Өмнөд Солонгост цар тахлаар нас барж байгаа тохиолдол нэмэгдсээр байна.