China Eastern Airlines компанийн Боинг-737 осолдсон онгоцны хар хайрцгийг олжээ

Үйл явдал

Хятадын өмнөд хэсэгт осолдсон дотоодын иргэний агаарын тээврийн China EasternAirlines компанийн Боинг-737 онгоцны хар хайрцгийг олжээ. Ослын газарт ажиллаж байгаа аврагчдын баг онгоц хар хайрцагны нэгийг олсон байна. 

Энэ сарын 21-нд Хятадын өмнөд хэсгийн Куньмин хотоос Гуанжоуг зорин нисч байсан зорчигч тээврийн Боинг-737 онгоц Гуаньси-Жауны автономит бүсийн Ужоу хотын Тэн суурингийн дэргэд, уулын бүсэд осолдсон юм. Онгоц осолдохоосоо өмнө ердөө минутын дотор 6 мянган метрийн өндрөөс уулын бэл дагуу огцом уналт хийж, радиолокацийн төхөөрөмжөөс алга болжээ.

Ослын улмаас багийн 9 гишүүн, 123 зорчигч нийлсэн 132 хүн харамсалтайгаар амиа алдсан юм. Онгоц уулын бүсэд осолдсон учраас ойн түймэр дэгдсэн байна. Ослын шалтгааныг онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарснаас осолдсон байж болох таамаг дэвшүүлэн шалгаж байна.