Ковид-19

Өнгөрсөн 24 цаг манай улсын хувьд сөрөг өдөр байлаа. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн бүрэн эдгэрсэн байна. Ингэснээр манай улс ковид-19 халдвартай иргэдээ татан авчирч 179 хүнийг эрүүл болголоо. Одоо 41 хүн үлдэж эмчилгээ үргэлжилж байна.

Коронавируст халдварын тандалт шинжилгээг 7 сарын 2-ны өдөр 194 хүнд  хийхэд бүх хариу сөрөг гарсан байна. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. ОХУ-аас ирсэн нэг оюутан 36 хоног эмчлүүлээд эдгэрсэн бол ОХУ-аас ирсэн жолооч 16 хоног эмчлүүлээд эдгэрч дараагийн ажиглалт руу шилжжээ. Ингэснээр Монгол эмч нар халдвартай 179 хүнийг бүрэн эдгээлээ.  

А.АМБАСЭЛМАА: ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР САХИЖ БАЙНА

Коронавируст халдварын шинжилгээг зөвхөн гадаадаас ирсэн иргэдэд бус эмч мэргэжилтнүүдэд ч мөн хийж байгаа. Үүнээс гадна томуугийн эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн иргэдийн сорьцоос дээж авч тандалт хийж халдвар тархах эрсдлээс сэргийлэн ажиллаж байгааг онцоллоо.

Өчигдөр БНСУ-аас 420 хүн тусгай үүргийн хоёр онгоцоор ирсэн. Үүнээс гадна Замын-Үүд боомтоор 96 хүнийг эх оронд нь авчирсан байна. Үүнээс сэжигтэй 9 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бол Цэргийн төв эмнэлэгт 22 хүнийг, бусдыг нь тусгаарлах байруудад тусгаарлажээ. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ