Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр өглөө Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга, Засгийн газрын сайд нар, Улсын их хурлын зарим байнгын хороодын дарга нарыг цуглуулан уулзлаа.
Төрийн тэргүүн уулзалтын эхэнд гадаадад дайн тулаан, дотоодод жагсаал цуглаан гээд нөхцөл байдал улам хямарч эхэлснийг дахин сануулж байгаагаа хэллээ. Мөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн эдийн засаг анх удаагаа хүчтэй хямарч байна. Ийм цаг үеийг Монгол Улс хохирол багатай даван туулахын тулд төсөвтөө хэмнэлтийн тодотгол хийх мөн шаардлагатай үед шийдэмгий зоригтой байхыг Ерөнхийлөгч сайд нарт анхаарууллаа.
Засгийн газар, Улсын их хурал одоогийн байгаа нөхцөл байдлаа ард түмэнд бүгдийг нь үнэнээр нь хэлэхийг Ерөнхийлөгч санууллаа. Мөн дэлхий даяар мах гурил гээд стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар өсч цаашдаа хүнсний хомсдол үүсэж магадгүй байна. Тийм учраас дотооддоо хүнсээ бэлтгэ, тариалалтаа эрчимжүүл, эрчим хүчний хангамжаа сайжруул гэдгийг Төрийн тэргүүн онцгойлон хэллээ. Энэ ажлыг хийхийн тулд төсөвт дахин тодотгол хийх саналыг ч ерөнхийлөгч гаргалаа.
Мөн Ерөнхийлөгч өнөөдөр Улсын их хурал дахь намын бүлгүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Хүнд цаг үед улс орныхоо төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллахыг уриалжээ.