Ковид-19

Коронавируст халдварын 213 мянган шинэ тохиолдол бүртгэгдэн дэлхий дахинд өвчилсөн хүний тоо 14 сая 898 /14,898,145/ мянгад хүрээд байна. Харин 24 цагийн хугацаанд 4000 гаруй хүн өвчний улмаас хорвоог орхижээ. 

Тохиолдлын болон нас баралтын тоо мэдээллийг өмнөх өдөртэй харьцуулахад өвчилсөн хүний тоо 16 мянгаар буурсан үзүүлэлтэй гарсан байна.  Халдвар хүн амын дунд эрчимтэй тархан өвчилсөн хүний тоогоор эхэнд эрэмбэлэгдэж байгаа улс орны мэдээллээс хүргэе.

АНУ-д өвчилсөн хүний тоо 3,8 /3,899,072/ саяд хүрээд байгаа бол коронавируст халдварын улмаас 141,992 хүн нас баржээ.

Бразилд  2,1 /2,159,654/сая хүн халдвар авчээ. Тус улсад нөхцөл байдал сайжирч, өвчилсөн хүний тоо буурч байсан ч сүүлийн өдрүүдэд дахин нэмэгдсэн байна. 24 цагийн хугацаанд 1367 нас баралт бүртгэгдэн нас барсан хүний тоо 81,487 хүрчээ. 

Энэтхэгт 1,1 /1,155,354/ сая хүн өвчилж, 28,084 хүн нас барсан байна.

ОХУ-д тохиолдлын тоо 782 /782,040/ мянгад хүрч, коронавируст халдварын улмаас 12,561 хүн нас баржээ.

ЯПОН УЛС ЭМЧИЛГЭЭНДЭЭ ШИНЭ БЭЛДМЭЛ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Мягмар гарагт  Япон улсад 633 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 231 нь Канто орчимд бүртгэгджээ. Тус улсын ЭМЯ-наас үрэвслийн эсрэг үйлдэлтэй дааврын бэлдмэлийг эмчилгээний заавартаа шинээр бүртгэж нэмсэн. Их Британид хүндэрсэн өвчтөн энэхүү бэлдмэлийг хэрэглүүлэхэд нас баралтын түвшин буурсан эерэг үр дүн гарсан байна. Тиймээс энэхүү судалгааг үндэслэж эмчилгээндээ нэвтрүүлэхээр болжээ.  Энэхүү бэлдмэл нь ковид-19-ын халдвар авсан хүнд өгч байгаа хоёр дахь нь. Үүнээс өмнө ремдизивер гэх эмийг өгч байсан юм. 

БНХАУ-Д 85,314 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

БНХАУ-ын эх газарт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний тав нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Тус улсад халдвар авсан хүний тоо 85 мянгад хүрээд байгаа юм. Харин Хонконгод 60 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар тус улсад шинжилгээний хариу эерэг гарсан буюу халдвар авсан хүний тоо 2019-д хүрчээ. Үүнээс 14 нас бараад байгаа юм.

БНСУ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ НЭЭЖ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-д өвчилсөн хүн 63-аар нэмэгджээ. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барсан байна. Тус улсын ахмадын асрамжийн газруудад халдвар гарч, шинэ голомт болоод байсан юм. Одоогоор асрамжийн газруудаас 12 хүнд халдвар илрээд байна. Харин сүм хийдүүдээс голомтлон тархсан халдварыг хязгаарлаж чаджээ. Тиймээс 6-р сарын 10-наас эхэлсэн хөл хориог цуцалж эхэлсэн байна. Үүнээс гадна зарим соёл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлжээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛУУД ХИЙГДСЭЭР БАЙНА

Олон улсын байгууллагууд ковид-19 коронавируст халдвартай холбоотой судалгааг тогтмол зохион хийсээр байна.  Урьдчилан сэргийлэх талаар хийгдсэн судалгааны мэдээллээс хүргэе. Хэрэв хүн амын 90 хувьд амны хаалт тогтмол зүүлгэж, хувийн ариун цэвэр сахиулж, хүн хоорондыг зайг мөрдүүлэн, дадал хэвшилд суулгаж чадвал халдварын дэгдэлт томрохгүй гэсэн байна. Үүнээс гадна Их Британи улс хүйтэн сэрүүний бүсэд хамаардаг улс орнуудад 10-р сараас эхлэн халдвар дахин тархаж эхэлнэ гэжээ. Тиймээс хөл хориог үе шаттай зохион байгуулахыг зөвлөсөн байна.