“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм.
Нарны замыг анх 2003 онд ашиглалтад оруулсан. Түүнээс хойш энэ зам дагуу барилгажилт нэмэгдэж, автомашины хөдөлгөөн ч эрс өссөн. 20 шахам жилийн нүүрийг үзэж буй Нарны замыг энэ жил шинэчлэхээр төлөвлөсөн. Шинэчлэлийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилнэ. Ингэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж хучилт хийнэ.
Тодруулбал, эхний ээлжид Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд,
Дараагийн удаад Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ны 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 18-ны 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд иргэд, жолооч нар маань дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.