Ковид-19

Одоогоор дэлхий даяар 150 гаруй лаборатори, судалгаа шинжилгээний байгууллага коронавирусний эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байна. Үүнээс 20 гаруй нь хүн дээрх туршилтын ажлаа эхлүүлээд байна. Хамгийн эхний вакцин энэ жилийн сүүлээр бэлэн болох төлөвтэй байна.

АНУ-ын Харшил, Халдвар өвчин судлалын хүрээлэн болон биотехнологийн Модерна компани хамтран коронавирусний эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байна. Тэдний бүтээж байгаа вакцин энэ жилийн сүүлчээр хэрэглээнд нэвтрэх төлөвтэй байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Тодруулбал, вакцины сүүлийн шатны туршилтын ажил өчигдөр эхэллээ. Ингэснээр туршилтынх үр дүн ирэх 11-12-р саруудад бэлэн болох тухай  АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, Засгийн газрын зөвлөх эмч доктор Антони Фаучи мэдэгджээ.

Энэ удаагийн туршилтад 30 мянган хүнийг хамруулна. Туршилт амжилттай болж, вакцин аюулгүй, үр дүнтэй нь батлагдвал олноор үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох юм. Вакцины эхний шатны туршилтын үр дүнгээс судлаачид нэлээдгүй найдвар тавьсан байгаа. 

Модерна компани 2021 онд 500 саяас нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.