Ковид-19

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд нийт 260 мянга орчим халдварын тохиолдол, 6000 орчим нас баралт бүртгэгдсэн байна. Коронавирусний халдвараар АНУ, Бразил, Энэтхэг улсууд дэлхийд эхний гуравт бичигдсэн хэвээр байна. Харин БНАСАУ-д  коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн нь үгүйсгэгджээ. Үүнийг ДЭМБ-аас мэдээлсэн байна. 

 

  • Долоодугаар сарын 30-ны өдөр АНУ-д 65,900 гаруй, 
  • Бразил Улсад 57,800 гаруй, 
  • БНЭУ-д 52,100 гаруй,
  • ОХУ-д 5,509 тохиолдол 129 нас баралт бүртгэгдсэн байна.

Харин БНАСАУ-д коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн нь үгүйсгэгдсэн байна. Тус улсын зүгээс шинэ коронавирусний халдвар нэг ч бүртгэгдээгүй талаар ДЭМБ-д мэдээлжээ.

АВСТРАЛИД 5,600 ГАРУЙ ХҮН ИДЭВХТЭЙ ХАЛДВАРТАЙ БАЙНА

Австралийн Холбооны Улсад өчигдөр 747 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 723 нь дангаараа Виктория мужид бүртгэгдсэн байна. Тус улсад одоогоор 5,609 хүн идэвхтэй халдвартай байгаагаас 330 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 40 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа талаар албаны эх сурвалж мэдээлжээ. 

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 34,600 ГАРУЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА 

Япон Улсад өчигдөр 1,301 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Япон Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 34,600 гаруй болсноос 1,007 хүн эндсэн нь нийт тохиолдлын хоёр хувийг эзэлж байгаа юм байна. 

ӨЧИГДӨР  БНСУ-Д КОВИД-19 ХАЛДВАРЫН УЛМААС НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ

БНСУ-д өчигдөр 36 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Шинэ тохиолдлуудын 22 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 14 нь дотоодын халдвар гэлээ.  

БНХАУ-Д ӨЧИГДӨР 127 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

БНХАУ-ын эх газарт өчигдөр 127 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 123 нь хүн амын дундах дотоодын халдвар байсан байна. Тэдгээрийн 112 нь Шинжаан Уйгурт бүртгэгдсэн байна.

Пүрэв гарагийн байдлаар Шинжаан Уйгурт батлагдсан коронавирусний тохиолдол 530-д хүрчээ. Мөн Бээжин хотын Шиньфади хүнсний захын халдварын голомтоос өвчилсөн 335 хүнээс 326 нь эдгэрээд байгаа юм.

РЕСТОРАНД НЭГ ШИРЭЭНД ХОЁРООС ИЛҮҮ ХҮН СУУЛГАХГҮЙ БАЙХ ДҮРЭМ ХОНКОНГОД МӨРДӨГДӨЖ БАЙНА 

Хонконгт 149 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 145 нь дотоодын халдвар байсан байна. Тус бүсэд нийт 3,151 тохиолдол бүртгэгдэж, 25 нь эндээд буй.

Халдварын тархалтыг хумих үүднээс Хонконгийн Засаг захиргаа ресторанд хооллохыг бүрэн хориглох шийдвэр гаргаад байсан. Гэвч иргэд болон бизнес эрхлэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулсны улмаас дээрх шийдвэрийг цуцалжээ. Харин ресторанд нэг ширээнд 2-оос илүү хүн суулгахгүй байх, зай талбайн тал хувийг ашиглах, цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шинэ зөвлөмжүүд гаргаж мөрдүүлэхээр болсон байна.