Ковид-19

КОВИД-19 халдвар манай улсад дахин нэг бүртгэгдлээ. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 313 болж байна. Хоёр өдөр дараалан илэрсэн тохиолдлуудыг тусгаарлан биеийн байдлыг хянаж эхэллээ. Мөн эмчилгээг яаралтай эхлүүлсэн байна. Гадны улс оронд коронавируст халдвар хөлдөөсөн эд зүйлс болон бусад ачаа бараанаас илэрч байгаа учраас амны хаалтаа тогтмол хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори нийт 453 сорьцод шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр нэг хүнд коронавируст халдвар илэрсэн байна. Манай улсад халдварын батлагдсан тохиолдол 313 болж эдгэрсэн хүний тоо 302. Эдгэрсэн хүмүүсийн 287 нь бүрэн эдгэрч ажиглалтаас гарсан бол 15 хүн сувиллын болон өрхийн ажиглалтад байна. ХӨСҮТ-д 11 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал дөрөв нь хүндэвтэр, 7 нь хөнгөн байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад 3,616 хүн байна. Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 272 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн эндлээ. Энэ нь өвчлөл өнгөрсөн өдрөөс 40 мянга, нас баралт 1000-аар буурсан үзүүлэлт бөгөөд 248 мянга гаруй хүн эдгэрчээ. Дэлхий нийтэд батлагдсан тохиолдлын тоо 30.9 сая, нас баралт 971 мянгыг даваад байна. Харин 23 сая хүн эдгэрээд байгааг ДЭМБ-аас мэдээлжээ.