Эдийн засаг

Коронавирус өвчний улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, эдийн засгийн доголдол бий болж ирсэн. Манай улсад ч энэ асуудал нөлөөлж эхэллээ. Харин үүнээс хохирол багатай гарах 17 төрлийн арга байгааг бизнесийн байгуулагууд хамтран тодорхойлжээ. Тэд саналаа төр засагт хүргүүлж, ярилцах хүсэлтэй байгаагаа өнөөдөр илэрхийллээ. 

Улаанбаатар хотын худалдааны танхим үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн “Төсвийн багц” гарган хэд хэдэн татаас үүсгэхийг хүслээ.  Үүнд Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцааны ногдол ашгаас  засгийн газрын эзэмшдэг ногдол ашгаас 850 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн ААН-үүдэд ажилчдын цалин олгоход зориулж нөхөн олговор эсвэл татаас хэлбэрээр олгох. Мөн 2020 онд шинээр эхлүүлэх барилга, их засварын ажлын нийт өртгийн 25 хувь буюу 154 орчим тэрбум төгрөгийг дотоодын үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулах гэх мэт 10 гаруй жагсаалт гаргасан байна. Үүнийг ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд авч хэрэгжүүлэх санал хэмээн худалдааны салбарынхан тайлбарлалаа.  

ААН-үүдийн үйл ажиллагаа бүрэн зогссон үед гарсан тогтмол зардал, цалингийн зардал зэргийн тодорхой хувийг нөхөн олгох мөн НДШ-ийг төрөөс бүрэн даахыг санал болголоо. Засгийн газар, иргэд, банк санхүүгийн салбарын 4 талын “Дугуй ширээний уулзалт”-ыг хийж нэгдсэн шийдэлд  хүргэх хэлэлцээр хийхийг хүсч байгаагаа тэд илэрхийлж байна.