Агаарын бохирдол сүүлийн таван жилд 40-50 хувиар буурсан

Нийгэм

Сүүлийн үед нийслэлийн агаарын бохирдол нүдэнд харагдах хэмжээнд эрс нэмэгдсэн. Гэхдээ мэргэжлийн байгууллага утаа урд өмнөх жилүүдээс 40-50 хувиар буурсан гэх судалгааг танилцуулаад байгаа юм. Тэгвэл шинжээчид утаа буурсан хэдий ч агаар дахь тоосонцор хорт бодисын хэмжээ буураагүй харин ч бага зэрэг өссөн гэж мэдэгдэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт угаарын хийн улмаас нэг иргэн амиа алдсан. Тэгвэл мэргэжлийн байгууллага иргэд сайжруулсан түлшийг энгийн зууханд түлэх, пийшин зуухны битүүмж муугаас угаартаж байна гэж мэдэгдлээ.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг 2018 оноос зогсоосон. Түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр орлуулсан нь агаарын бохирдлыг эрс бууруулаад байгаа юм. Өмнө нь нэг метрийн цаад дахь орчин харагддаггүй байсан бол орчны үзэгдэх хэмжээ алслагдсан гэдгийг мэргэжлийн судлаач, шинжээчид хэлж байна. Агаарын бохирдол сүүлийн таван жилд 40-50 хувиар буурсныг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Агаарт агуулагдах тоосонцрын хэмжээ буурсан ч, хүхэрлэг хий, азотын давхар исэл их байгаа юм.

ОДОО АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ТЕХНОЛОГИО ИЛҮҮ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Агаарын бохирдол тодорхой хувиар буурсан ч үүнээс илүү буулгахад илүү том төлөвлөлт шаардлагатай. Тухайлбал өнгөрсөн онтой харьцуулахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 45 хувиар нэмэгдсэн, гэр хорооллын айл өрхүүд 20 гаруй мянгаар нэмэгдсэн зэрэг нь агаарын бохирдолд нөлөөлжээ. Мөн хүний хүчин зүйлээс гадна байгаль, цаг уурын байдал ч ихээхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэн судлаачид хэлж байна. Салбарын судлаачдын үзэж байгаагаар одоо авч буй арга хэмжээгээ технологи талаас нь илүү сайжруулах шаардлага бий гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн 7 хоногт агаарын чанарын үзүүлэлт дундаж түвшинд байсныг мэргэжлийн байгууллагаас танилцууллаа. Харин цагдаагийн байгууллагын 102 дугаарт 48 хүн угаарын хийд хордсоноос нэг нас барсан байна. Иргэд сайжруулсан шахмал түлшийг технологийн дагуу түлэхгүй, мөн пийшин зуухны битүүмж алдагдсан тохиолдол их байгааг хууль хяналтын байгууллагаас мэдэгдэж байна.

ШУУД ҮЗЭХ