Эдийн засаг

Эдийн засгийн байнгын хорооны хуралд ерөнхий аудиторын орлогч Тэнгис нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулсан банкуудаас хоёрынх нь нөхцөл байдал хүнд байгааг талаар дурьдсан. Энэ асуудалд өнөөдөр Монголбанк тайлбар мэдэгдэл хийлээ. Өнөөдрийн байдлаар банкны системийн нөлөө бүхий таван банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэсэн юм. Орлогч аудиторын өгсөн мэдээлэл бол хариуцлагагүй ташаа мэдээлэл гэж төв банкнаас үзэж байна.

Банкны системийн 85 хувийг хангадаг таван том банк бий. Эдгээрийн үзүүлэлтүүд хангалттай сайн байгааг өнөөдөр Монголбанк мэдээллээ. Тус салбарт эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 35 их наяд төгрөгт хүрчээ. Харин зээлийн хэмжээ 20 орчим их наяд төгрөг байгааг албаныхан хэлж байна. Системийн нөлөө бүхий банкинд “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хас банк”, “Төрийн банк” ордог бөгөөд банкны системийн 85 хувийг эзэлдэг гэлээ. Үлдсэн 15 хувийг жижиг банкууд эзэлдэг. Санхүүгийн салбарын 90 хувь нь банкны салбар дээр тогтдог. Ерөнхий аудиторын орлогчийн хийсэн мэдээллээс үүдэн банкны салбар доргих эрсдэлтэй гэдгийг төв банкнаас мэдэгдлээ.

Өнөөдөр нийт таван том банкинд 900 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгө байршиж байгаа. Активын чанарын үнэлгээг хийхэд хоёр том, хоёр жижиг банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дуулгалаа. Хоёр том банкны хувьд өөрийн хөрөнгөө босгож, Монголбанкны зохицуулалтын журмаар тэр хөрөнгийг нь хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөөр бүртгэсэн. Үүнийг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болгох нь хуулиараа боломжтой гэдгийг Монголбанк мэдэгдлээ.