Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол тогтвортой буюу өдөрт нэг мянга гаруй шинэ халдвар бүртгэгдэх болсон. Өнгөрсөн хоногт коронавирусийн 1,497 тохиолдол шинээр батлагдаж улсын хэмжээнд нийт халдвар 150 мянгыг давлаа. Шинэ халдварын 803 нь орон нутагт бол 676 нь УБ хотод, 18 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Өнгөрсөн хоногт 3,646 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан сайн мэдээ байна. Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн 93 хувь нь бүрэн эдгэрчээ. Харин сүүлийн 24 цагт 60-аас дээш насны дөрвөн хүн цар тахлын улмаас нас барсан байна. Эдгээр иргэдийн гурав нь архаг суурь өвчтэй ковид хавсарсан бол нэг нь зөвхөн ковидын хүндрэлээс шалтгаалан нас барсныг ЭМЯ-аас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 9,910 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол 12,444 иргэн гэрээр эмчлэгдэж байна. Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 25 мянга давж байсан бол энэ үзүүлэл харьцангуй буурчээ. Одоогоор эмчлүүлж буй иргэдийн 5972 нь хөнгөн бол 203 нь маш хүнд биеийн байдалтай байна. Харин зарим аймагт халдварын тархалт буурахгүй хэвээр байна. Тухайлбал өнгөрсөн хоногт Дархан-Уул аймагт 160 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Харин Өмнөговь, Сүхбаатар аймагт халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.