Эрүүл мэнд

Сургагч багш нар Япон улсад суралцах бол хүүхдийн яаралтай тусламжийн эмч нар хойд хөршийг зорих гэж байна. Онол дадлага хосолсон сургалтанд хамрагдаж мөн мэргэжил дээшлүүлэх юм. Ингэснээр Монголын эмч нар өндөр хөгжилтэй улс орноос туршлага судалж, эрүүл мэндийн салбар дахь мэдлэгээ зузаатгасаар байна.  

Энэ удаа Москва хотын Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, практик сургалтын үндэсний төвд хүүхдийн эмч мэргэжилтнүүд сургалтад хамрагдахаар болжээ. Тэд энэ сарын 18-29-ний өдрүүдэд хүүхдийн яаралтай тусламжийн сургалтад хамрагдах юм. Энэ сургалт манай улсын эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэгт ихээхэн ач холбогдолтойг салбарынхан онцолж байна.

Сургалтад нийслэл, орон нутгийн нийт 15 эмч хамрагдах юм. Онол, дадлага хосолсон энэ сургалт эмч нарын онолын мэдлэгийг дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход чухал ач холбогдолтой байна.

ОХУ-ын Москва хотын В.И. Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд, перинаталогийн төвийн сургалтын төвд өнөөдрийн байдлаар манай улсаас нийт 75 эх барих, эмэгтэйчүүдийн эмч сургалтад хамрагджээ. Харин Санкт Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд нийт 66 хүүхдийн эмч хүүхдийн халдварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалтын сургалтад хамрагдсан байна.