Токиогийн тохойд байрлуулсан олимпийн цагаригийг буулгажээ

Спорт

Японы нийслэл Токио хотноо 16 хоног үргэлжилсэн хүн төрөлхтөний спортын их наадмын дараагаар Токио хотын Одайба далайн паркад босгоод байсан Олимпийн цагаригийг буулгасан байна.

Токиогийн тохойд байрлуулаад байсан Олимпийн 5 цагаригийг лхагва гарагт буулгасан байна. Токио-2020 Олимпийн наадам өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн юм. Тэгвэл Олимпийн наадамд зориулан босгоод байсан аварга том 5 цагаригийг буулгаж, Токиогийн Олимп өндөрлөснийг илтгэжээ.

Олимпод зориулан босгосон 5 цагаригийг мягмар гарагт буулгахаар төлөвлөөд байсан ч энэ өдөр хүчтэй салхитай байснаас нэг хоногоор хойшлуулан өчигдөр буулгасан байна. Одайбад сүндэрлэж байсан Олимпийн 5 цагариг нь 15,3 метрийн урттай, 32,6 метр болон 1,7 метрийн өргөнтэй байжээ. Олимпийн цагаригийг өнгөрсөн оны 12-р сард Токиогийн тохойд байрлуулаад байжээ.