Эрүүл мэнд

Ухань хотоос ирсэн иргэдийг өнөөдөр эмнэлгээс гаргалаа. ХӨСҮТ-д 14 хоног тусгаарласан иргэдээс шинэ коронавирусын ямар нэг шинж тэмдэг болон халдвар илрээгүй байна. Мөн 31 иргэнийг оношлуураар оношилсон. Хариу нь бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ. Мөн эдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагч нар болон бусад эмнэлгийн ажилтнуудад давхар шинжилгээ, оношилгоо хийсэн байна. Ямар нэг шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ухань хотоос ирсэн иргэдийн хувьд 14 хоног ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Одоо дахин 14 хоног гэрээсээ гарахгүйгээр байнгын эмчийн хяналтад байх юм.

Энэ сарын 1-нд БНХАУ-ын Ухань хотоос тусгай үүргийн онгоцоор 30 оюутан, мөн ой зургаан сартай  нэг хүүхэд эх орондоо ирсэн юм. Тэднийг онгоцны буудлаас шууд ХӨСҮТ-т тусгаарлаж, коронавирусын шинжилгээ авсан юм. Шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй болох нь тогтоогдсон. Гэхдээ оюутнуудыг 14 хоногийн хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалт хийсэн. Эдгээр оюутан халдваргүй, биеийн байдал сайжирсан тул эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзээд өнөөдөр эмнэлгээс гаргалаа.

30 оюутан, нэг хүүхдийн биеийн байдал сайн байгааг оюутнууд ярьж байна. Шинэ төрлийн коронавирусын халдварын голомтоос цаг алдалгүй иргэдээ авч, хариуцлагатай, сэтгэлтэй ажилласан төр засаг болон эмч, ажилчдад оюутнууд баярлаж байгаагаа илэрхийллээ.

Оюутнууд нэгдүгээр сарын 23-наас хойш Ухань хотод тусгаарлагдсан. 2-р сарын нэгнээс хойш ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлагдаж, өнөөдөр гэртээ харихаар болж байна. Гэхдээ тэднийг дахиад 14 хоног гэрээс гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг эмч нар зөвлөжээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД