"Гэмт хэрэгт холбогдоод, сэжигтнээр татагдсан тохиолдолд албан тушаалаас автоматаар түдгэлздэг болно"

Улс төр

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Авлигатай тэмцэх асуудал хүний, улс төрийн намын албан тушаалтны гээд олон суурь өөчрлөлтийг шаардсан алхмуудыг бий болгож байгаа юм. Өнөөдөр МАН Их хурал дээрээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудал дээр хэд хэдэн зүйлийг онцгойлж оруулж ирж байна.

Нэгдүгээрт, намаас сонгогдож томилогдсон бүх түвшний албан тушаалтны хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлага алдагдуулсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байх зарчмыг оруулж өгч байна. Хоёрдугаарт, намын дүрэмдээ бодит өөрчлөлт оруулна.

Бид намынхаа дүрэм, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцдог системийг бодитоор хийж өгнө. МАН улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтууд оруулж өгч байна.

Тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шат шатны сонгуульд нэр дэвшихгүй. Аливаа шатны намын улс төрийн албан тушаалд нэр дэвшиж, хашихгүй гэдэг хариуцлагын заалтууд оруулж ирж өгч байна. Гэмт хэрэгт холбогдоод, сэжигтнээр татагдсан тохиолдолд албан тушаалаас автоматаар түдгэлздэг. Хэрвээ шүүхээр таслагдаад, гэмт хэрэгтэн болсон тохиолдолд автоматаар намын гишүүнээс хасагддаг. Хэрвээ шүүхээр яваад цагаадаад ирвэл эргээд намын гишүүнчлэлийг сэргээдэг заалт оруулж байна.

Бид дэвшилтэт нам болох зорилго тавьж байна. Энэ нь нэгдүгээрт, дотоод ардчилалтай, тэнд ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтанд нам дотроо хяналт тавьж чаддаг. Албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх нөхцлийг бүрдүүлж чаддаг, дээрээс нь хариуцлага, ёс зүйг хүлээлгэж чаддаг дэвшилтэт нам болохыг бид зорьж байна" гэлээ.