Оюутолгойн далд уурхайд $75 сая санхүүжилт нэмж баталлаа

Улс төр

Олон улсын шүүх дээр үүссэн Засгийн газар, Рио тинто компанийн маргаан жил дамнаж талуудын хэлэлцээрт ахиц гараагүй байтал өчигдөр Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөл, Рио тинто, Туркойз хилл ресурс зэрэг төслийн холбогдогч талууд гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлаа нэмж батлан төслийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Оюутолгой төслийг хөдөлгөх зардал өсөн нэмэгдэх хэрээр 34 хувийг зээлээр эзэмшсэн Монголын талын өр автоматаар нэмэгдэх юм. Уг нь бол засгийн газар далд уурхайн зардлын хэтрэлтийг дахин нэмэгдүүлэхгүй гэх байр суурьтай байгааг хэлэлцээрийг ахлан ажиллаж буй хууль зүйн сайд Х. Нямбаатар мэдэгдэж байсан удаатай. 

Далд уурхайн зардал хэтэрсэн шалтгаан нь менежментийн алдаа гаргаснаас үүдсэн байж болзошгүй гэж Монгол Засгийн газар дүгнэсэн. Иймээс 75 сая ам.долларын нэмэгдэл санхүүжилтийг батлахгүй гэсэн байр суурийг Монголыг төлөөлөх ажлын хэсэг илэрхийлж байсан юм. Гэсэн ч “Рио Тинто” компани Монголын талын саналыг харгалзахгүйгээр, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг баталлаа.

Рио тинто компани 1 их наядын төсвийн дэмжлэг, Монголын өрийн 70 хувийг тэглэх зэргээр "хүүхэд хуурах" төдий зүйлээр далд уурхайн зардлыг нэмэх хүсэлт засгийн газарт тавьж байгаад УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх ёстой гэх засгийн газрын байр суурь, хоёр талын хэлэлцээнд одоогоор ахиц гараагүй хэвээр байгааг зарим гишүүд хэллээ.  Хөрөнгө оруулагчид энэ нэмэгдэл санхүүжилт нь ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл шаардлагатай чиглэлдээ зарцуулагдаж, хүрэлцэнэ гэж мэдээлжээ. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад 1.2 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж тооцоолоод байгаа юм.