Эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс манай улс арга хэмжээ авсаар байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан 100 гаруй хүний биеийн байдал хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаагаа мэдээллээ. Харин өчигдөр хоёр сэжигтэй тохиолдолыг тусгаарлан хянаж эхэлсэн байна. Тэдний нэг нь улаанбаатар хотод бол нөгөө нь завхан аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Иргэдийн биеийн байдал хэвийн байгааг эмч нар хэлж байна.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд 103, Гашуун сухайтад 12 хүн тусгаарлан хянаж байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өчигдөр ХӨСҮТ-д нэг, Завхан аймагт нэг хүнийг тусгаарласан байна. Завхан аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний сорьц ирж байгааг албаныхан хэллээ.

Дэлхий нийтэд коронавируст халдварын тохиолдол 75,586, нас баралт 2,122, эдгэрсэн 16,027 бүртгэгдээд байна. Халдвар дэлхийн 26 оронд бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас мэдээллээ. Дэлхий нийтэд тархаад байгаа тус халдвараас урьдчилан сэргийлэхэд ДЭМБ-аас гаргасан заавар зөвлөмжийг тогтмол дагаж мөрдөхийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, халдвар гарсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэлтэд шаардлагатай арга хэмжээ авч байгааг ЭМЯ-наас мэдээлж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд 6 төрлийн эмийн нөөц, 14 төрлийн  хувийн хамгаалах хэрэгсэл, 4 нэрийн эмнэлгийн хэрэгсэл,  9 нэр төрлийн тоног төхөөрөмж, 10 төрлийн ариутгал халдваргүйтгэлийн бодис зэргийг нийлүүлэхээр эм ханган нийлүүлэх байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллажээ.