Шинээр зээл авсан иргэд эргэн төлөлтөө зургаан сараар хойшлуулах боломжтой 

Засгийн газар

Цар тахлын түр хуулийн хэрэгжих хугацааг сунгаснаар ипотекийн зээлийн төлөлт ухарч байна. Сар бүр төлдөг төлбөрөө шинээр хойшлуулах хүсэлтэй бол тухайн банкин дээрээ хүсэлт гаргах ёстойг Төв банкнаас санууллаа. Харин 2021 онд хойшлуулах хүсэлт гаргасан бол автоматаар сунгагдаад явна гэдгийг онцолж байна.  

УИХ-ын өчигдрийн чуулганаар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сарын хугацаагаар сунгасан. Хууль үйлчлэх хүрээнд Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр хойшлуулахаар шийдвэрлэлээ.

2021 оныг дуустал зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан иргэд хүсэлт гаргах шаардлагагүйгээр хугацаа сунгагдана 

Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг зургаан сараар сунгасантай холбоотой Төв банкнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгана гэдгийг мэдэгдсэн байна.

Шинэ зээл хойшлуулах хүсэлтийг 1-р сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авна 

Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр хойшлуулах юм. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр, эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтойг төв банкнаас мэдэгдлээ.