2021 онд ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 21 хувиар нэмэгджээ

Засгийн газар

2021 онд айл өрхүүдийн зарлага 125 мянган төгрөгөөр буурсан байна. Энэ бол өрхийн орлого буурсныг шууд илтгэх тоон үзүүлэлт гэдгийг гишүүд онцоллоо. Өрхийн орлого буурч, айлуудын амжиргаа муудаж байгаа нь хил гаалийн хаалттай байдал, цар тахлын хөл хорио гээд олон хүчин зүйл нөлөөлж байгааг эдийн засагчид хэлж байна.

Цар тахлын нөлөөнөөс үүдэж эдийн засаг хүнд байдалд орж аж ахуй нэгж байгууллагуудын ажлын байр шууд утгаараа 68.9 мянгаар буурсан. Өөрөөр бол шууд бус утгаар үүнээс ч их тоо гарна. 68.9 мянган ажлын байр байхгүй бол тэр хэрээр ажилгүй иргэдийн  тоо жил дараалан өсч байна.

Айл өрхийн дундаж зарлага 125 мянган төгрөгөөр буурсныг салбарын сайд иргэд зарлагаа хянаж сурч байна гэж дүгнэлээ

2021 онд ажилгүй иргэдийн тоо өмнөх 2020 оноос 21 хувиар нэмэгдэж тэр хэрээр айл өрхийн амжиргаа дордсон гэсэн үг. Нэг өрхийн дундаж зарлага буюу сарын хэрэглээ 125 мянган төгрөгөөр буурсан байгааг УИХ-ын зарим гишүүд ч онцолж байна. Гэвч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь айл өрхүүд зарлагаа хянаж , зөв зарцуулж сурч байна гэж дүгнэсэн нь шүүмжлэл дагууллаа.

Өнгөрсөн 2020 оны 4 сараас нийгмийн хамгааллын чиглэлд, цар тахлын хүнд нөхцөлд иргэдийн орлогыг хамгаалахад 4.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс ирэх онд иргэдийн цалин тэтгэврийг шууд нэмэх боломжгүйг салбар хариуцсан сайд хэллээ. Засгийн газар улсын төсвийг боловсруулахдаа эдийн засгийг идэвхижүүлэхэд анхаарсан гэдгийг хэлсэн юм.

Халамжаас хөдөлмөрт гэсэн зорилго тавьсан засгийн газар ажлын байрыг хамгаалах нь чухал гэж үзсэн ч дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгааг гишүүд онцоллоо.

Улсын төсөв ачааллаа даахгүй тул ирэх онд иргэдийн цалин тэтгэвэр бодитоор нэмэгдэх боломж хомс юм. Гэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэх бодлого баримталж байгаа.

Өнөөдрийн байдлаар инфляци хоёр оронтой тоо давчихаад байхад иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй байгааг зарим гишүүд санууллаа.