Эрүүл мэнд

Бүгд Найрамдах Солонгос Улсад Монголын хоёр иргэн коронавирусийн халдвар авсан гэдэг мэдээлэл сошиал орчинд тархсан. Мөн Солонгосын хэвлэлүүд ч энэ талаар бичсэн байна. Тэгвэл хоёр биш нэг хүний асуудал байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тэгү хотод амьдарч байсан 28 настай иргэнээс коронавирусын халдвар хөнгөн байдлаар илэрч, эмчилгээ хийжээ. 14 хоногийн дараа дахин шинжилгээ авахад сөрөг буюу халдвар бүрэн эдгэрснийг тогтоосон байна.

Анх 2-р сарын 23-нд манай улсын иргэн ханиадны шинж тэмдэг илэрсэн шалтгаанаар Тэгү хотод байрлах эмнэлгийн байгууллагад хандсан байна. Ингээд шинжилгээнд хамрагдахад хариу эерэг гарч, коронавирус илэрсэн болох нь батлагдсан. Гэхдээ хөнгөн хэлбэрээр илэрсэн учир эмчилгээ хийлгэж байгаад, 3-р сарын 6,7-нд давтан шинжилгээ хийлгэжээ. Дахин шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Харин цахим орчинд тархсан Монгол улсын хоёр иргэнээс Ковид-19 илэрлээ гэх мэдээлэл нь худал болохыг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

Өчигдөр цахим орчинд мэдээлэл гарсан даруйд БНСУ-ын Элчин сайдын яамтай холбоо тогтоож, албан ёсны мэдээлэл авахаар зорьж ажилласан байна. Тус улсын талаас мэдээлэл худал болохыг мэдэгджээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ