Дөрөв дэх тун Омикрон хувилбарын хүндрэлээс сэргийлнэ.
Манай улсад коронавирусийн Омикрон хувилбарын 12 тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлын хувьд бүрэн эмчлэгдээд эмнэлгээс гарсан ч хүн амын дотор Омикрон хувилбар тархсан эсэхийг тогтмол тандаж байгаа юм. Хүн амын дундаас авсан сорьцонд Омикрон хувилбар байх магадлалтай хариу байгааг ч ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Омикрон хувилбарт өртөх, хүндрэлээс сэргийлэхэд коронавирусийн эсрэг 4 дэх тун үр дүнтэй гэдгийг ДЭМБ-аас мэдээлж байгаа. Манай улсад өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд хамрагдсан нийт 934 мянган хүн байгаа юм.
Гурав дахь тундаа хамрагдсан иргэдийг дөрөв дэх тунд сайн дураараа хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.
Дэлхийн олон улс оронд Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа юм. Мөн энэ хувилбараар өвчилж нас барсан иргэдийн тоо ч өсөөд байна. Тиймээс гадны улс орнууд иргэдээ 4 дэх тунгийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж эхэлсэн. Израиль Улс гэхэд иргэдээ 4 дэх тунд хамруулж эхлээд байгаа. Энэ нь иргэдийн эсрэг биетийн хэмжээг хэд дахин нэмэгдүүлж байгааг судалгаагаар тогтоогоод байгаа юм.
Тиймээс иргэд гурав тунд хамрагдаад гурван сар болсон бол дөрөв дэх тундаа хамрагдахыг мэргэжлийн байгуулагаас зөвлөж байна. Ингэснээр халдварын хүндрэлээс сэргийлж чадна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байгаа юм.