ОХУ нь Украинд “хүмүүнлэгийн коридор”-оо дахин нээж байна

Үйл явдал

ОХУ-ын тал Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны хийсэн уриалгын дагуу Украины бүс нутагт даваа гарагийн өглөө, Москвагийн цагаар 10 цагт дахин галаа зогсоож, нам гүм байдалд шилжжээ. 

Оросын тал Украины нутаг дэвсгэрт явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсоон, “хүмүүнлэгийн коридор”-оо дахин нээж бйна. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр гал зогсоох хооронд Киев, Мариуполь, Харьков болон Сум хотуудаас энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх юм. 

Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр энэ удаад Украины тал гал зогсоох хэлэлцээрийг зөрчихгүй байхыг хүсч, Оросын тал энгийн номхон иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх болно гэжээ.

Оросын цэргийн хүчнийхэн 3-р сарын 5-ны өдөр галаа зогсоон, “нам гүм байдалд” шилжиж, Украины талтай хийсэн тохиролцооны дагуух чиглэлүүдэд хүмүүнлэгийн гарцууд нээсэн юм. Ийнхүү галаа зогсоохтой зэрэгцээд Мариуполь, Волновах зэрэг хотод “хүмүүнлэгийн гарц”-уудаа нээж, энгийн номхон иргэдийг аюулгүй байдалд хотоос нүүлгэн шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн байна. Гэвч Орос, Украины талууд гал зогсоох тохиролцоог тасалдуулсанд хоёр биенээ буруутган, иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл явц тасалдсан юм. Украины тал Оросын цэргийн хүчнийг улсынх нь нутаг дэвсгэр лүү цохилт дайралтаа үргэлжлүүлж байсанд буруутган, харин Оросын тал хүмүүнлэгийн коридор нээхтэй зэрэгцээд Украины тал энэхүү үйл явцыг  санаатай тасалдуулахыг завдаж байсанд харилцан буруутгажээ.