Испанийн хэвлэл мэдээллийн RTVE компани ОХУ дахь үйл ажиллагаагаа хумьжээ

Үйл явдал

Испанийн олон нийтийн хэвлэл мэдээллийн RTVE компани ОХУ-ын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаагаа хумьжээ.

ОХУ-ын Төрийн Дум улсынхаа эрүүгийн хэргийн хариуцлагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан, Оросын зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой фейк буюу эх сурвалжаар батлагдаагүй, худал хуурмаг мэдээлэл олон нийтэд цацвал үүрэх хариуцлагыг нь нэмэгдүүлсний дараагаар Испанийн хэвлэл мэдээллийн компани үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан байна. 

RTVE мэдээллийн компанийн Орос дахь тусгай сурвалжлагчаар сүүлийн 5 жил ажилласан Эрика Рейя түүний ажил ийнхүү зогсч байгаад харамсч байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Италийн RAI телевизийн суваг мөн Орос дахь сэтгүүлчдээ эргүүлэн татаж байна. Оросын тал Украины эсрэг явуулж байгаа цэрэг дайны ажиллагаатай холбоотойгоор “фейк мэдээлэл” цацахыг хориглож, өндөр торгууль шийтгэл оногдуулахаар хуульчилсан учраас Барууны хэвлэл мэдээллийн компаниуд Оросын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагаагаа хумьж байгаа юм.

Ингэхдээ ямар мэдээллийг “худал хуурмаг” мэдээлэл гэж тооцох нь тухайн үйл явдлыг харах өнцгөөс шалтгаалан тодорхойгүй учраас Барууны, гадны хэвлэл мэдээллийн компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Британийн ВВС, Америкийн CNN, Германы ARD болон ZDF компаниуд үйл ажиллагаагаа зогсоожээ.