Европын улс орнуудад Украиныг дэмжсэн жагсаал цуглаан өрнөжээ

Үйл явдал

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хотуудад Украиныг дэмжсэн иргэдийн жагсаал цуглаан дахин болжээ.“Дайныг зогсоо” гэсэн уриан дор Украиныг дэмжсэн жагсаал Европын олон хотод нэгэн зэрэг болсон байна. 

Швейцарын Берн хотын төвд хэдэн мянган хүн цуглан, Украины дайныг нэн даруй зогсоохыг шаардсан байна. Жагсаалд Швейцарын конфедерацийн холбооны ерөнхийлөгч, Украины элчин сайд оролцжээ. Энэ үеэр жагсагчдад хандан хийсэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдлийг том дэлгэцээр үзүүлсэн байна.

Зеленский Швейцарын эрх баригчдаас Украины дайн тулааныг өдүүлэхэд оролцсон хүмүүсийн банкны дансыг битүүмжлэхэд уриалжээ. Түүнчлэн Финляндын нийслэл Хельсинки хотод мөн УКраины туг далбаа барьсан хүмүүс жагсаал хийсэн байна. Тэд жагсаалаараа Хельсинки хотын Наринка талбайгаас Сенатын талбай хүртэл явж, “Украины дэмжиж байна, Европын аюулгүй байдлыг хадгалъя” гэхчлэн уриа лоозон барьжээ.

Францын нийслэл Парис хотноо мөн дайныг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Парис хотын төвд иргэд цуглан, Оросоос Украинд явуулж байгаа ажиллагаагаа зогсоохыг шаардаж байжээ.