Хэнтий аймгийн Баян-Овоо сум Улаанбаатар хотоос 450 орчим км зайд оршдог. Төв замаас ойрхон энэ суманд гадны зочин гийчин их ирдэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл халдварын нэг ч тохиолдол илрээгүй, эмнэлэг нь хүнгүй байгаа сайн мэдээтэй байна.
Баян-Овоо сумынхан халдвараас иргэдээ хамгаалахын тулд бүх малчин өрхөө багтааж, иргэдээ 21 хэсэг болгон хуваажээ. Энэ багууд нэг нэгэндээ хяналт тавих юм. Өнгөрсөн хугацаанд энэ суманд шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон хэд хэдэн тохиолдол гарсан. Энэ бүхэнд 21 баг хурдтайгаар мэдээлэл солилцож халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн нэгнээ тусгаарлаж хяналт тавьсан байна. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд халдвар тархаагүйгээс гадна, нэг ч тохиолдол илрээгүйг онцоллоо.
Энэ суманд байгалийн үзэсгэлэнтэй тогтоц олон байдгаас гадна Гүрмийн нуур бий. Нуурыг зорьсон аялагч, дотоодын жуулчдын хөл энэ зуны турш тасраагүй байна.
Аялагч нараас үнэ төлбөргүй түргэвчилсэн шинжилгээ авчээ. Хэрвээ эерэг гарвал зай барихыг шаардаж, хүн ам олноор суурьшсан хэсэгт оруулахгүй байх дүрэм мөрдүүлжээ.
Үүний үр дүнд олон мянган жуулчдаас халдвартай иргэнийг эрт олж мэдэн сумын иргэдийн дунд тархахаас хамгаалж чадсныг онцолж байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо сум өнөөдрийн байдлаар ногоон бүсэд тооцогдож байна.
Гэхдээ халдвар тун ойрхон байгаа учраас хариуцлага улам нэмэгдэж байгааг онцоллоо.
Халдварын тархалтгүй ногоон бүс байлгах ажилдаа илүү анхаарч хичээл сургуулийн үйл ажиллагаагаа 100 хувь эхлүүлэхээр төлөвлөжээ.