Улсын хэмжээнд 43,402 хүүхэд халдвараар өвдөөд байна.
Хичээл сургалтын үйл ажиллгаа танхимаар эхлэхтэй зэрэгцэн халдварын нөхцөл байдал хүндэрсээр байна.
Сүүлийн долоо хоногийн байдлаар 12-оос дээш насны хүүхдүүдийн өвчлөл буурсан таатай мэдээг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Энэ нь вакцины үр нөлөөтэй шууд холбоотойг хэлж байгаа бол вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээ халдвараас хэрхэн хамгаалах вэ гэдэг гол анхаарах зүйл болоод байгаа.
Цахим сүлжээнд дельта давалгаа үүссэнтэй холбоотой сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах эсэх асуудлыг хөндөх болсон. Тэгвэл Эрүүл мэндийн яам хаах санал гаргахгүй гэдэгээ албан ёсоор мэдэгдлээ.
Халдвараар өвдөж байгаа нийт хүүхдийн 70 гаруй хувь нь нийслэлд байна. Цаашид хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэх магадлал өндөр тул эцэг эхчүүд хариуцлагатай байх нь юу юунаас чухал гэдгийг хэллээ.
Олон улсад хийсэн судалгаагаар хүүхдүүд сургуулийн орчин гэхээс илүүтэй гэр бүлийн орчноос халдварт өртөх нь их байгааг тогтоожээ.
Тиймээс иргэд хариуцлагатай байж гэр бүлийн хүрээнд ойрын хавьтал болсон тохиолдолд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй гэрээр ажиглан хянахыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон санууллаа.