Манай улс коронавируст халдварын эсрэг гурав дахь тун вакцин хийж эхэлсэн. Иргэд файзер болон синофарм вакцинаас сонгон хийлгэх юм. Бүүстер буюу гурав дахь тун вакцин хийлгэсэн иргэдийн 99 хувь нь мутацид орсон дельта хувилбараас 75 хувь хамгаалагдаж байгааг мэдээллээ. Тийм учраас иргэд өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө гурав дахь тундаа хамрагдахыг уриаллаа.
Өнөөдөр коронавируст халдварын 2076 тохиолдол батлагдаж 16 хүн халдварын улмаас нас барлаа. Халдварын тохиолдол аажимдаа буурч байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн биеийн байдал хүндэрч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Одоогоор 20 орчим мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 363 хүний биеийн байдал маш хүнд, 2206 хүнийн биеийн байдал хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Халдвараас сэргийлэх, халдварт өртсөн ч хүндрэлээс сэргийлэх боломж бол вакцин. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг албаныхан сануулж байна.
Улсын хэмжээнд коронавирусээс сэргийлэх нэгдүгээр тунд 2.2 сая, хоёрдугаар тунд 2.1 сая гаруй хүн хамрагдаад байна. Вакцин хийлгээд халдварт өртсөн тохиолдлууд бий. Гэхдээ хүндрэх эрсдлээс сэргийлж байгааг салбар яам мэдээлж байна.
Тухайлбал хоёр тунд хамрагдсан нийт иргэдийн 7 хувь нь дархлаа бүрэн тогтож амжаагүй байхдаа халдварт өртсөн байгааг салбарын сайдын мэдээлэлд дурьдагдсан. Харин гурван тун авсан хүмүүсийн зөвхөн нэг хувь нь халдвар авсныг ЭМЯ-наас мэдээлж байна.
Одоогоор гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунд 359,447 хүн хамрагдаад байна.