Коронавируст халдварын Омикрон хувилбар хүн ам дунд тархсан гэдгийг Эрүүл мэндийн сайд зарласан. Маш хурдацтай тархдаг энэ мутаци хууч өвчтэй болон хүүхдүүдийн хувьд хүндрэх магадлал өндөр. Харин вакцинаа хийлгэсэн хүмүүсийн хувьд эрсдэл багатай гэдгийг сануулж байна. Ханиадтай тун төстэй учраас шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийгдэж байгааг эмч нар онцоллоо.
Омикрон хувилбараар халдварласан л бол хүндэрч эмнэлэгт хэвтэнэ, эндэх эрсдэлтэй гэсэн айдас хүн бүрт байна. Халдварлах чадвар өндөр ч хүндрэх эрсдэл бага гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.
Манай улсад бүртгэгдсэн Омикрон хувилбарын тохиолдол ч дийлэнх нь хөнгөн байсныг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа. Халуурсан тохиолдолд халууны эм уух, ханиалганы эсрэг зэрэг шинж тэмдгийн эмчилгээ хийж өрхийн эмнэлгийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлэгдэх бүрэн боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд тайлбарлалаа.
Омикроноор батлагдсан бүрийг эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй гэдгийг салбар яамнаас мэдээлж байна. Нийт 3000 орыг Омикроны халдвар авч хүндэрсэн тохиолдолд бэлджээ. Хамгийн эрсдэлтэй буюу бага насны, жирэмсэн, архаг суурь өвчтэй иргэдээ эмнэлэгт хэвтүүлэх бодлого баримталж байна.
Харин коронавирусийн Омикрон хувилбараас вакцины дөрөв дэх тун хамгаалах боломжтойг ЭМЯ-наас мэдээллээ. Гурван тун хийлгээд 3-аас дээш сарын хугацаа өнгөрсөн бол халдвар авах эрсдэл өндөр. Харин 4 дэх тун халдварын эрсдлээс, хүндрэлээс сэргийлэх боломжтой ДЭМБ зөвлөж байгаа юм.