Манай улсад батлагдаж буй тохиолдлын 70 гаруй хувийг Омикроны халдвар эзэлж байна

Ковид-19 /дотоод/

Дэлхий нийтэд коронавирусийн Омикрон хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсад батлагдаж байгаа тохиолдлын 70 хувийг Омикрон хувилбарын халдвар байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал "нэн хүнд" 35 хүн байна. Хүнд хүмүүсийн дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байгааг албаныхан танилцууллаа. 

Өнөөдөр улсын хэмжээнд коронавируст халдварын 2,010 тохиолдол батлагдсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1,454 нь нийслэлд, 531 нь орон нутагт, гаднаас зөөвөрлөгдсөн 25 тохиолдол тус тус бүртгэгджээ.

ХӨСҮТ-д хийгдэж байгаа шинжилгээний 70 орчим хувь нь Омикрон хувилбар байгааг албаныхан танилцуулж байна. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа буурч, халдвартай байх хоног ч багасч байгааг эмч мэргэжилтнүүд танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар халдварт өртсөн 5800 гаруй хүн эмнэлэгт, 22 мянган хүн гэрийн тусгаарлалтад байна. Биеийн байдал нэн хүнд хүний тоо 35 байна. 

Омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг барьж, шинж тэмдэг тод үзүүлж байгааг эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Тухайлбал хоолой өвдөх, халуурах, хамар битүүрэх зэрэг томуугийн халдвартай ижил шинж тэмдэгтэй.

Омикроны хувилбар бүрт вирусийн эсрэг эмчилгээ хийхгүй гэдгийг салбар яамнаас хэлж байна. Омикрон хувилбараар халдварласан хүн бүр хүндэрч амьсгалын аппаратанд орох нь харьцангуй бага гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас тайлбарлаж байгаа юм. 

Омикрон хувилбарын хүндрэлээс сэргийлэх боломжийг дархлаа сэргээх нэмэлт тун гэж үзэж байгаа. Тиймээс иргэдийг гурав дахь дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ