Омикрон болон томуугийн дэгдэлт нэмэгдсээр байна. Эмнэлэгт хэвтэх иргэдийн дунд ахмад болон бага насны хүүхдийн тоо нэмэгдэж байгааг салбар яамнаас мэдээлж байна. Улсын хэмжээнд 10 орчим мянган ор дэлгээд байгаа юм. Одоогоор орны хүртээмж, хүлээлгийн хугацаа тогтвортой байгааг албаныхан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар аймаг орон нутагт 5,500 орчим, нийслэлийн хэмжээнд 4,300 орыг дэлгээд байна. Одоогоор эмнэлэгт 10,554 хүн хэвтэн эмчлүүлж байна. Орны хүрэлцээ хангамж тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Коронавируст халдварт өртсөн 2,607 хүүхэд байгаа нь сүүлийн 2-3 долоо хоногтой харьцуулахад эрс өссөн үзүүлэлт болж байна. Хүүхэд болон жирэмсэн эх, ахмад настнуудыг эмнэлэгт хүлээн авах хүлээгдэл 1-2 хоног байгаа юм.
Цар тахлын дэгдэлтийн байдал нийслэлээс орон нутаг руу шилжих хандлагатай байна. Иймд бид орон нутгийн орны зохион байгуулалтыг аймаг бүрээр нь хийж, нэмж ор дэлгэнэ. Гэхдээ өдөрт батлагдах халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэх өвчтөн болон хүнд өвчтөний тоог харгалзаж, шат дараатайгаар дэлгэнэ гэдгээ албаныхан хэлж байна.