Өнгөрсөн сарын сүүл энэ сарын эхээр коронавирусийн дөрөв дэх давлагаа буюу Омикрон хувилбарын оргил үе тохиож өдөрт 20 орчим мянган тохиолдол батлагдах тооцооллыг эрдэмтдийн зөвлөл танилцуулж байсан. Харин хоёрдугаар сар дундаа орсон энэ үед Омикрон хувилбарын тархалт буурч байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь долоо хоногийн өмнө 30 хувьд хүрч байсан бол энэ тоо одоо 20 болж буурчээ.
Сүүлийн нэг хоногт ковид-19 халдварын 1200 гаруй тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа. Цар тахлын дөрөв дэх давлагаа болсон Омикрон хувилбарын оргил үеийг нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхэн үед тохиохыг мэргэжлийн байгууллагаас хэлж байсан. Оргил үетэй Сар шинийн баяр давхцаж байсан нь халдварын эрсдлийг нэмэгдүүлээд байсан юм. Тэгвэл сүүлд хийсэн тооцооллоор Омикрон хувилбарын ПСР шинжилгээнд эерэг эзлэх хувь 20 хүрч буурсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Олон улсад ч Омикрон хувилбарын давлагаа намжиж байгааг ДЭМБ мэдээлж байгаа. Хэдийгээр халдварын тархалт буурсан ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх, бүүстэр тунд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Ялангуяа бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй гэлээ. Мөн хүүхдүүдийг халдварын эрсдэлд оруулах олон нийтийн газар явахгүй байхыг зөвлөж байна.