Коронавируст халдварт өртөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо буурч өнөөдрийн байдлаар зургаан мянга гаруй хүн эмнэлэгт байна. Эдгээрээс биеийн байдал нэн хүнд 70, хүнд 622 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Альфа болон дельта хувилбараар өвчилсөн хүмүүс богино хугацаанд хүндэрч байсан бол Омикрон хувилбар хүндрэл багатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Өнөөдрийн байдлаар 6664 хүн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нэн хүнд 70, хүнд 622, хүндэвтэр 4225, хөнгөн 1747 хүн байна. Альфа болон дельта хувилбарт өртөн эмнэлэгт хэвтэх тохиолдлын дунд хүнд болон нэн хүнд эмнэлзүйн шалтгаантай иргэд олон байсан бол Омикрон давлагааны үед эрс буурсан байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 10.7 хувь нь нэн хүнд болон хүнд гэсэн эмнэлзүйн ангилалд байна. Өмнөх альфа болон дельта хувилбарын давлагаанаас Омикрон хувилбараар өвчилж буй нэн хүнд, хүнд хүмүүсийн тоо бага байна. Гэхдээ энэхүү Омикрон хувилбар огт хүндрэхгүй гэсэн үг биш. Тодорхой хувьд нь хүндрэх эмнэлзүйн нэн хүнд болон хүнд, зохиомол амьсгалын аппаратад орох зэрэг эмчилгээнүүд шаардлагатайг эмч нар хэлж байна. Нийт эмчлүүлэгсдийн 10.7 хувь эзлээд байгаа нэн хүнд болон хүнд тохиолдлууд дунд хүүхэд, вакцингүй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмадууд зонхилох хувийг эзэлж байна.