Коронавируст халдварын тохиолдол бүрэн арилаагүй ч танхимын сургалтыг эхлүүлсэн. Хичээл эхэлсэн эхний долоо хоногт халдварын тархалт сургууль цэцэрлэгт кластерлан гарч байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тиймээс хүүхдүүдийг сургуулиас бусад олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөлөө.
Улсын хэмжээнд ковид-19 халдварын 4 дэх давалгаа буюу Омикрон хувилбарын давлагаа хумигдаж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногоос хичээлийн шинэ улирал танхимаар эхэлсэнтэй холбоотой нэг газар таваас дээш халдвар буюу кластер өвчлөл нэмэгдэж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 13 кластер өвчлөл бүртгэгдээд байгаагаас цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудад халдвар нэмэгдэж эхэлжээ.
Омикрон хувилбар ид давалгаалан тархаж эхлэх үетэй өнөөдрийн нөхцөл байдлыг харьцуулахад орны ачаалал 50 хувиар буурсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Гэхдээ өмнөх долоо хоногтой харьцуулахад кластер өвчлөл хөдөө орон нутагт ч нэмэгдэж эхэлжээ.
Засгийн газраас халдварын улбар шар зэрэглэлийг бууруулж шар түвшинд шилжих шийдвэр гаргасан. Гэхдээ аймаг, орон нутагт эрсдэлийн үнэлгээ хийж нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авахыг аймгийн засаг дарга нарт даалгасан.
Энэ хүрээнд долоо хоногийн хугацаанд халдварын улаан түвшинд шилжсэн аймаг таваар нэмэгджээ.
Омикрон хувилбарын давлагаа буурсан ч халдвар эргэн өсөх хандлага ажиглагдаж байгаа тул иргэд олон нийт энгийн дэглэмээ сайтар мөрдөхийг албаны хүмүүс сануулсаар байна. Мөн манай улс агаарын болон газрын хилээ нээсэнтэй холбоотой шинжилгээнд хамрагдах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ.
ХӨСҮТ-д ПСР шинжилгээ өгөх иргэд нэмэгдсэн байна.