Дэлхийн улс орнууд COVID-19 коронавирустэй нүүр тулаад 3 жилийг үзэж байна. Тэгвэл энэ хугацаанд дэлхий даяар цар тахлын улмаас амиа алдсан хүний тоо 6 саяд ойртож байна.
ДЭМБ-аас энэ талаар мэдэгдэн 2022 онд улс орнууд цар тахлын эсрэг вакциныг шударга хуваарилж, хүн амаа вакцинжуулсан тохиолдолд л коронавирусийг даван туулж чадна гэжээ.
ДЭМБ-ын тэргүүний мэдээлснээр улс орнууд цар тахлын эсрэг вакциныг хүн амдаа адил тэгш хуваарилан хийсэн тохиолдолд л энэхүү аюултай вирусыг дарж чадна гэжээ. Түүнчлэн албаны тоо баримтаар л өнөөдөр цар тахлаар нас барагсдын тоог 6 сая гэж нэрлэж байгаа боловч үнэн хэрэгтээ энэхүү бүртгэлд ороогүй тохиолдлуудыг нэгбүрчлэн тоолбол 21 саяд хүрч болзошгүй гэжээ. Учир нь ядуу буурай улс орнуудад ковидын улмаас гэртээ нас барсан маш олон тохиолдол байгаа ч эдгээр тохиолдлууд албан ёсны тоонд багтаагүй үлдэж байна. Африк тивийн улс орнуудад хүн амаа вакцинжуулах үйл явц хангалтгүй байгаагаас шалтгаалан нас баралт өндөр хэвээр байгааг тооцох хэрэгтэй гэж ДЭМБ үзэж байна.