Шинээр 218 тохиолдол батлагдсанаас 42 нь аймаг, орон нутагт бүртгэгдлээ

Ковид-19 /дотоод/

Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 218 тохиолдол илэрлээ. Зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдэж байсан халдвар орон нутагт тархан халдвар илэрсэн аймгууд болон иргэдийн тоо олширсоор байна. Мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаа халдварын тархалт цаашдаа ч нэмэгдэнэ. Буурах нөхцөл байдал бүрдэхгүй байгааг иргэдэд анхаарууллаа.

Коронавируст халдварын шинээр батлагдах тохиолдлын тоо цаашид буурахгүй, эсрэгээр нэмэгдэнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр анхаарууллаа. Тухайлбал, сүүлийн 24 цагт 12,605 хүнийг шинжилгээнд хамруулахад 218 хүнээс халдвар илэрлээ. Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөлөө.

Нийт батлагдсан тохиолдлын 42 нь орон нутагт бүртгэгдсэн. Тухайлбал, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт таван тохиолдол батлагдлаа. Ингэснээр орон нутгийн өвчлөл 424 болсон юм. Харин Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очсон иргэдийн шинжилгээний хариу 11 цагийн үед бүрэн гараагүй байсан.  Тиймээс эргэн мэдээлэх болно гэсэн юм.

Б.Ууганбаяр: Шинээр батлагдах тохиолдлын тоо цаашид буурахгүй

Одоогоор Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг нийт 10 аймагт PCR шинжилгээ хийж байна. Өмнө нь дээрх аймгууд Улаанбаатар хот руу сорьцоо илгээдэг байсан бол орон нутагтаа шинжилгээ хийж эхлээд байгаа юм.

 

ШУУД ҮЗЭХ