А.НОТА: Мэдрэлийн гаралтай бүх мэс заслыг Монголдоо хийдэг болоход ганцхан “даваа” үлдлээ

Үйл явдал

А.НОТА: АЖИЛДАА ДУРТАЙ ХҮН АМЖИЛТАНД ХУРДАН ХҮРДЭГ

Нота гуай өнөөдөр Ачтан эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж байна. 1968 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөн өөрийн төрсөн нутаг болох Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд мэс засалчаар ажлын гараагаа эхэлжээ. Тэндээсээ аймгийн нэгдсэн эмнэлэгт ерөнхий мэс засалч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт хуваарилагдан ирсэн байна. Гуравдугаар эмнэлэгт яаралтай мэс засал, мэдрэлийн мэс засалчаар ажиллаж олон мянган хүнд эрүүл амьдрал бэлэглэжээ.. Ингээд 2007 онд "Ачтан" эмнэлэгт зөвлөх эмчээр ирж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Олон жилийг эрүүл мэндийн салбарт зориулж, олон өдөр хоногуудыг өвчиндөө шаналсан бусдын төлөө зориулжээ. Энэ хугацаанд тэрээр өвчнийг ялан дийлэх олон арга зам байдагийг харж авчээ.

Хамгийн нэгдүгээрт хувь хүн өөрийн биеэ сайтар хянаж, анхны зовиур илэрсэн даруйд эмчид хандвал ямар ч өвчин эмгэг байсан илааршиж, эдгэрэх боломжтой гэдгийг хэлж байна.

Мэдрэлийн мэс засалчаар ажилласан Нота нэгэн томоохон төслийг барьж авсан байна. Энэ бол тархины суурь хавдрыг мэс заслын аргаар авах хагалгаа. Тархины суурь хавдар хүнийг олон жил зовоохоос гадна нүд, хамар нармай гээд бусад бүх эрхтэнг өвчлүүлдэг байна. Манай улсад огт хийгдэж байгаагүй энэ хагалгааг дэлхийн өндөр хөгжилтэй цөөхөн улс орнууд л хийдэг. Гэхдээ үнэ нь 200-300 мянган америк доллараар хэмжигддэг байна. Хэрвээ энэ хагалгааг эх орондоо хийж эхэлбэл одоогийн хуулиар бараг үнэгүй хийх боломж  иргэдийн өмнө нээгдэхийг  онцоллоо.

Төсөл амжилтанд хүрвэл манай улс мэдрэлийн гаралтай бүх мэс заслыг дотооддоо хийдэг болж энэ салбарт 100 хувийн амжилтанд хүрнэ

гэдгийг хэлж байна.

А.НОТА ШИНЖЛЭХ УХААН, БАГШ, ЭМЧ МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАЖ ГУРВАН САЛБАРТ СУРСАН МЭДСЭН ЗҮЙЛЭЭ ЗОРИУЛЖ БАЙНА

Нота эмч анагаах ухааны салбарт зөвхөн мэс заслийн эмчээр ажиллаагүй. Тэрээр анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийж шинжлэх ухааны олон бүтээл дээр ажилласан байна. Мөн Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургуульд багшилж, өөрийн судсан мэдсэн зүйлсээ олон зуун шавь нартаа өвлүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрээр эх орныхоо шинжлэх ухаан, багш, эмнэлгийн үйлчилгээний салбарт зүтгэж яваа нэгэн юм. Бүх зүйлийг шинжлэх ухаан талаас нь судалдаг тэрээр эцэг эхчүүд болон хүүхэд багачуудад нэгэн зүйлийг анхааруулж байна. Энэ бол гар утас болон ухаалаг төхөөрөмжүүд. Эндээс ялгардаг туяа мэдрэлийн гаралтай өвчлөл болон тархины хавдрын өвчлөлийг нэмэгдүүлж байгааг шинжлэх ухаан тогтоожээ.

Мэдрэлийн гаралтай өвчин залуужих болсон нь ч зарим талаараа үүнтэй холбоотойг хэлж байна.

Багш, мэс засалч, шинжлэх ухааны ажилтан гээд тасралтгүй 53 жил энэ салбарт зүтгэж яваа Нота өнөөдөр ч өвчтнүүдийнхээ дунд ажиллаж байна. Тэрээр энэ хугацаанд 23,250 хүнд мэс засал хийж 1 сая 340 мянган хүнийг үзэн оношийг нь тогтоожээ.

4-р ангид байхад нь аав нь хүндээр өвдөж, цагийн тариа хийх хүн олдохгүй байгааг хараад эмч л болох ёстой юм байна гэсэн сэдэл анх төрж, түүнээс хойш энэ салбарт тасралтгүй шамдсаар байгаагаа Нота эмч хуучиллаа.

Нота гуайн удирддаг мэс заслийн багийг төр соёрхсноос гадна Ардын эмч, хүний гавьяат эмч гээд түүний хөдөлмөрийн төр засаг ч үнэлсэн байна. Өнөөдөр Нота эмчийн том охин соёл урлагийн их сургуульд концертмистер бол бага хүү нь гуравдугаар төв эмнэлэгт мэс засалчаар ажиллаж байгаа юм.