Хүүгээ аврахыг хүссэн залуу гэр бүл Монгол түмнээсээ тусламж гуйлаа

Үйл явдал

Гурван настай Алдар хүү дэлхийн маш ховор тохиолддог хавтгай янсы хорт хавдар өвчин тусчээ. Даамжрах тусам хүүгийн амь насанд аюултай учраас хүүгээ аврах гэсэн эцэг эхчүүд сайн санаат хүмүүсээс тусламж гуйлаа. Хүүгийн өвчнийг БНСУ-д анагаахад 427 сая төгрөг шаардлагатай болжээ. Залуу гэр бүл бяцхан хүүгийнхээ амь насыг аврахын тулд байж болох бүхий л боломжийг эрж хайж байгаагаа ярьлаа.

Гуравхан настай Г. Алдар хүү Монгол Улсад маш ховор тохиолддог хавтгай ясны хорт хавдар өвчинтэй тэмцэж байна. Энэ оны 1-р сард хүүгийн толгой дээр хатигтай ижил хэмжээний жижиг зүйл гарчээ. Улмаар эмнэлэгт хэвтэн хагалгаа хийлгэсэн ч эсийн шинжилгээгээр маш ховор төрлийн хавдар болох нь тогтоогдсон байна.

Хүүг манай улс эмчлэх боломжгүй. Харин БНСУ-ын Асан эмнэлэг бүрэн эмчлэх боломжтой гэж хариу өгчээ. Гэвч эмчилгээний зардал болох 427 сая төгрөг нь залуу гэр бүлд хүндээр тусч байгааг хүүгийн аав хэллээ. Тиймээс гурван настай Алдар хүүг аврах хандивын аянд сайхан сэтгэлтэй Монгол түмнээ нэгдэхийг хүсч байна.

Алдар хүү маш ховор төрлийн хавтгай ясны хорт хавдар өвчнөөр өвдсөнийг өнгөрсөн 7-р сард шинжилгээгээр баталгаажуулжээ. Энэ төрлийн хавдар нь хүний ясыг дотроос нь хайлуулж дал, сүүж, хавирга зэргээр биеийн бүхий л ясыг идэн ургадаг байна.

Хүүгийн толгой дээр гарсан хавдар одоо ямар шатанд яваа, биеийнх нь аль хэсгээр тархсан зэргийг манай улс оношилж чадахгүй. Харин БНС-ын Асан эмнэлэг нэн яаралтайгаар буюу 9-р сарын 13-ны дотор хүүг эмнэлэгт хэвтүүл гэжээ.

Ингэснээр хүүг бүрэн эмчлэх боломжтой гэж хариу өгсөн ч хагалгааны зардалд 427 сая төгрөг шаардлагатай болсон байна.

Иргэн Ганзоригийнх гурван хүүхэдтэй жирийн нэгэн айл. Бага хүү болох Алдарын бие өдрөөс өдөрт муудахыг харах хамгийн хэцүү байгааг нулимс унаган ярьж байна. Гурван настай хүүгээ аврахын тулд зарж болох бүхий л зүйлээ зарж, байгаа бүхнээ цуглуулсан ч ердөө 100 гаруй сая төгрөг болжээ.  Хоног хугацаа давчуу байгаа тул сайхан сэтгэлт Монгол түмнээсээ ийнхүү тусламж хүсч байна.

Хүүгээ аврахыг хүссэн залуу гэр бүлд 300 гаруй сая төгрөг дутуу байна. Бяцхан хүүг бүрэн эдгэрэхэд сайхан сэтгэлээр туслах хүсэлтэй хүмүүс ХААН банкны 5018482353 данс руу хандив илгээх боломжтой. Мөн 88177977 утсаар хүүгийн гэр бүлтэй холбогдох боломжтой юм.