Ирэх долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн хичээл цахимаар эхэлнэ. Энэ өдрүүдэд цар тахлын дэгдэлт 10-20 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг эрдэмтэд хийгээд байна. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар цар тахлын Омикрон хувилбарын тархалт буурчээ. Одоо бүртгэгдэж байгаа халдварын дийлэнх нь дельта байгааг онцолж байна.
Сар шинийн баярын өдрүүдээр ковид-19 халдварын тохиолдол эрс буурч өдөрт бүртгэгдэх халдварын тоо 500-600 болсон. Үүний шалтгааныг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад нэг талдаа шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо цөөрсөн нь нөлөөлсөн гэж байна. Харин нөгөө талд ковид-19 халдварын Омикрон хувилбарын давалгаа намжиж эхэлж байгааг хэллээ.
Засгийн газар, Улсын онцгой комисс сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж золголт хийхгүй байхыг уриалсан. Гэсэн хэдий ч иргэд их бага хэмжээнд золголт хийсэн нь халдварын тархалтыг эргээд нэмэгдүүлэх эрсдэлтэйг хэллээ. Мөн энэ сарын сүүлээс хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар эхлэх шийдвэр гарсан. Энэ үеэр халдварын тохиолдол 10-20 хувиар нэмэгдэх магадлалтайг онцолж байна.
Омикрон хувилбарын тархалт буурч байгаа ч иргэд нэмэлт тундаа хамрагдах нь нэн чухал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон санууллаа. Учир нь хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар эхэлж, хөдөө орон нутгаас нийслэлийг зорих урсгал эрс нэмэгддэг тул халдварын тархалт буцаад өсөх магадлалтайг хэлж байна.