Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллах үеэрээ “Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах,эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой боллоо.
“ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээнээс хамаарч жилд 360 орчим сая төгрөгийн зардал гардаг байсан бол халдварын тархвар өсөн нэмэгдэж байгаагаас үүдэж 7 хоногт 30 гаруй сая төгрөгийн зардал гарч байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор эдгээр зардлыг хэмнэж, ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой боллоо” хэмээн ХӨСҮТ-ын захирал Л.Баттөр дурдлаа.
ХӨСҮТ нь хоногт 80-120 баллон хүчилтөрөгчийг хэрэглэж, нэг баллоныг 5 цаг цэнэглэж байгаа бол үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 160-180 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэж, цагт 5-6 баллон давхар цэнэглэж нөөцлөх хүчин чадалтай юм. Мөн шаардлагатай үед бусад эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр хангах боломжтой юм байна.