Дэлхий нийтэд хатуу хөл хорионы дэглэмийг бууруулахдаа хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг тавьж байна. Үүнд эрүүл мэндийн салбар хариу арга хэмжээ авч чадах хүртэл буюу ачаалал багасах хүртэл, нас баралт болон халдварын тохиолдол буурсан үед, дархлаажуулалтыг өндөр түвшинд хийсэн байх зэргээр хэд хэдэн шалгуурыг тавьж байгаа юм. Манай улсын тухайд хатуу хөл хориог дахин сунгаж хариу арга хэмжээ аван ажиллаж байна.
Хөл хорионы дэглэмийг цуцалж хязгаарлалтыг бууруулснаар халдварын дараагийн давлагаа илүү өргөн хүрээг хамрах эрсдэл нийслэлд байсан гэдгийг албаныхан хэлж байна. Эрүүл мэндийн сайдын зүгээс халдварын оргил үе тавдугаар сарын нэг, хоёр дахь долоо хоногт тохиох тооцоог эрдэмтэд гаргасан гэдгийг хэллээ. Тиймээс хөл хориог илүү урт хугацаанд үргэлжлүүлэх тусам тархалтын эрч, өдөрт бүртгэгдэх халдвар буурах тооцоо гарсан гэлээ. Хөл хорионоос гадна дархлаажуулалт эрчимтэй үргэлжилж байгаа нь эерэг үр дүнг үзүүлж эхэлсэн гэдгийг хэлж байна. Тиймээс цаашид хөл хорионы үед дархлаажуулалтыг тасралтгүй эрчимтэй үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.