ГХЯ: Монгол охин зодуулсан асуудлыг БНСУ-д суугаа Элчин сайдаасаа тодруулъя

Эрх зүй

Өмнөд Солонгосын дунд сургуулийн дөрвөн сурагч 13 настай Монгол охиныг зургаан цаг цоожилж, гар, хөлийг нь хүлж, хүчээр архи уулган зодсон хэрэг гарсан болохыг MBC news мэдээллээ. 

Хохирогч охин арван жилийн өмнө Өмнөд Солонгост эцэг, эхийн хамт очсон бөгөөд Монгол дунд сургуулийн нэгдүгээр дамжааны сурагч юм. Энэ хэрэг БНСУ-ын Гёнсан мужид болжээ. Гэмт этгээдүүд охинд хүчээр архи уулгаж, хувцсыг нь тайлуулж, зодсоныхоо дараагаар видео бичлэг хийн 5,000 воноор заржээ. Бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан тул хохирогч сэтгэл санааны цочролд орж сургуульдаа явж чадахгүй байгаа аж. 

Хохирогч охин MBC news-д өгсөн ярилцлагадаа “Ингэж зодуулснаас үхсэн нь дээр гэж бодож байсан. Эцэст нь би гэртээ ирсэн ч биед халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явдаг ч би ердийн амьдралдаа эргэж орж чадахгүй байгаа” гэжээ.

Бичлэгийг илрүүлсний дараагаар цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлсэн байна. Гэхдээ хэрэгт холбогдогч дөрвөн охинд тэнсэн харгалзах ял оноосон гэх мэдээлэл байна. 

Энэ асуудлаар Гадаад харилцааны яамтай холбогдоход "БНСУ-д суугаа Монгол Улсын  Элчин сайдаас тодруулъя" гэлээ. Уг хэрэг долоодугаар сард гарч, аравдугаар сард прокурорт шилжсэн ч Монгол Улсын Гадаад харилцааны яам тодорхой мэдээлэл байхгүй, Өмнөд Солонгос улсад суугаа Элчин сайдаасаа тодруулъя гэсэн тайлбар өгч байна.