Солонгос охидод зодуулсан Монгол охины хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанд хүрчээ   

Эрх зүй

БНСУ-д хүчирхийлэлд өртсөн 13 настай охины хэрэг тус улсын төрийн тэргүүнд хүрчээ. Хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн энэ хэргийг шударга шийдүүлэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд төдийгүй Солонгос Улсын иргэд Хөх ордны цахим хуудсанд хандсан. Санал хүлээн авах эцсийн хугацаа энэ сарын 1-ний өдрөөр дуусч 2022 оны эхний өдөр ерөнхийлөгч нь хүлээн авсан байна. Одоо хэрэг шийдвэрлэх явц яаж үргэлжлэхийг харах үлдэж байгаа юм. Солонгос Улсын Төрийн тэргүүнд хүрсэн дээрхтэй ижил төрлийн хэрэг ямар байдлаар шийдэгддэгийг бид тодрууллаа.

Өнгөрсөн оны зун буюу 7 дугаар сарын 3-нд БНСУ-д амьдардаг 13 настай Монгол охин үеийн солонгос охидод зодуулж, дарамтлуулсан бичлэг сарын өмнө олон нийтийн сүлжээнд байршснаар энэ хэрэг нийтэд ил болсон. Тухайн үед тус улсын хууль хяналтын байгууллага, Элчин сайдын яам энэ хэрэг дээр анхаарч ажиллаагүй гэх олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тиймээс энэ хэргийг шударгаар шийдвэрлэхэд иргэд БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй цахим самбарт хандсан. Ерөнхийлөгчид хандсан иргэдийн санал 30 хоногийн дотор 200 мянгыг давснаар хүчирхийлэлд өртсөн охины асуудалд БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанд хүрч байгаа. Ингэснээр яллах дүгнэлтийг шинэчлэх тухай хэлэлцэх боломжтой гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Ерөнхийлөгчийн ажлын албанд очсноор асуудлыг Хөх ордны гишүүд хэлэлцэж, анхааралдаа авах боломжтой болох юм.

Одоогоос 2 жилийн өмнө БНСУ-ын иргэд эцэг эхийнхээ гарт амиа алдсан 16 сартай охины асуудлаар ерөнхийлөгчид хандан цахим зарга үүсгэж байжээ. Тухайн хэрэгт Хөх ордны гишүүд анхаарлаа хандуулан ажиллах хариу мэдэгдэл хийж байжээ.

Одоогоор 13 настай охины асуудалд хариуцлагагүй ажилласан гэж БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг эгүүлэн татах санал гаргаснаас гадна, холбогдох албаныханд хариуцлага тооцох асуудал яригдаад байгаа юм.