Сар шинийн баяраар нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн өмнөх оноос нэмэгджээ

Эрх зүй

Шинийн гурван өдөр 41 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос орон нутгийг зорин замд гарчээ. Цагаан сар өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан жилүүдтэй харьцуулахад хөдөлгөөн 30 хувиар нэмэгдсэн байна. Орон нутгийн автозам хөдөлгөөн ихтэй байсан ч осол авааргүй, тайван өнжсөн гэдгийг онцоллоо. 

Сар шинийн баярын өдрүүдээр нийслэл хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөн өмнөх 2019, 2020 онуудтай хурьцуулахад эрс нэмэгдсэн байна. Зөвхөн шинийн нэгний өдөр нийслэлийн шалган нэвтрүүлэх долоон цэгээр 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 иргэн орон нутаг руу гарчээ. Баярын өдрүүдэд орон нутаг руу хөдөлгөөн их байсан ч осол аваар харьцангуй бага, хүний амь нас хохирсон дуудлага бүртгэгдээгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Баярын өдрүүдэд орон нутагт 231 цэгт 550 гаруй алба хаагч ажилласан бол нийслэлийн 240 гаруй цэгт 800-1000 орчим алба хаагч ажиллажээ. Орон нутгийн замд 150-160 км цагийн хурдтайгаар хөдөлгөөнд оролцсон нэлээд зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.

Баярын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 160 гаруй зөрчил илэрчээ

Сар шинийн өдрүүдээр Суурин газарт хүний амь нас хохирсон хоёр дуудлага бүртгэгдсэний нэг нь ой гурван сартай хүүхэд машинд мөргүүлэн амиа алдсан харамсалтай хэрэг байжээ.

Өнөөдрөөс эхлэн орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж эхэлсэн тул орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.