Увсын зах, худалдааны төвүүдийн гол орлого Тувачуудын арилжаанаас хамаардаг гээд хэлчихэд нэг их буруудахгүй.
Эрээн Монголын арилжаачдаас хамааралтай байдаг шиг, Боршоо боомт нээгдлээ л бол Тува иргэд өөрсдийн орос дугаартай машинаа унаад гэр бүлээрээ сүнгэнэтэл орж ирээд, ачаа бараа дүүртэл ачаад нутаг буцдаг гэнэ.
Сая хил боомт хаагдсан хэсэг хугацаанд аль аль талдаа хүндэрсэн ч, өнөөдөр Тувачууд ачаа бараа Увсаас татахаар орж ирж байгаатай Боршоо боомт дээр тааралдаж, тэдэнтэй ярилцлаа.
ОРЗАГ ДАНИС СЕРГЕВИЧ /ОХУ-ЫН ТУВА УЛСЫН ИРГЭН/ "Хил нээгдэхийг маш их хүлээлээ. Одоо Улаангом орж захаас худалдаа наймаа хийнэ. Монголд орж ирэхэд шинжилгээний бичиг шаардахгүй үнэхээр амар болсонд бид баяртай байна."
КУЖКЕТ САЛЕТ /ОХУ-ЫН ТУВА УЛСЫН ИРГЭН/ "Боршоо Боомт үүд хаалгаа нээсэнд үнэхээр сайхан байна. Гэхдээ ганц нэг санал хэлмээр санагдаж байна. Оросын боомтуудад бүх зүйл нь цахим QR кодтой учраас амар байдаг. Харин Монголын хил дээр бүх зүйл гараар бичиж, бичиг цаас бөглөсөөр байгаа. Энэ зүйлээ өөрчилнө гэдэгт итгэж байна."
МОНГУШ ГАНДИМЕР /ОХУ-ЫН ТУВА УЛСЫН ИРГЭН/: "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хязгаар нутагт үнэхээр амьдрал амаргүй байтал дайны нөхцөл байдлын улмаас импортоор орж ирдэг бараа улам бүр хомсдож байгаа. Монгол руу орж ирж хэрэгтэй бүхнээ авдаг, ялангуяа Улаангом орж Монголын амттай сайхан хоол идэхээр яарч байна. Худалдаа наймаа ахиухан хийнэ. Хилээр орж ирэхэд цар тахлын үеийн ямар ч хатуу шаардлага тавихгүй байгаа нь үнэхээр амар байна."
Биднийг “Боршоо” боомт дээр хоёр цаг орчим саатахад 10 гаруй машинтай, 20 гаруй Тува орж ирсээн. Тэд өдөртөө Улаангомоос 20 гаруй сая төгрөгийн худалдан авалт хийдэг байна. Дулааны улиралд энэ тоо өдөр өдрөөр нэмэгддэг тухай боомтын удирдлагууд хэллээ.
Манайхан дайны нөхцөл байдал, мөн Оросын тал PCR шинжилгээг заавал өгсөн байх шаардлагыг тавьж байгаа зэргээс шалтгаалан бараг Тува руу гарахгүй байгаа. Увсын Боршоо боомт бол зөвхөн иргэд төдийгүй, шатахуун, малын тэжээл импортолдог баруун бүсийн хөл хөдөлгөөн ихтэй боомт. Энэ оны 7-р сараас ОУ-ын боомтын зэрэглэлд шилжсэнээр 24 цагийн үйл ажиллагаатай болно.