Авлигатай тэмцэх газар "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр үүрээр саатуулжээ.
Тэрбээр 2017 оноос эхлэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад Засгийн газраас 2022 оны 10 сард тус компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллах болсноор чөлөөлөгдсөн юм. Түүнийг АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж 48 цагийн хугацаатай саатуулжээ. Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран өчигдөр шөнө нүүрсний хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Энэ үеэр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэдэг мэдээлэл байна. "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрчээ. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа тухай мэдээлэл байна.