Л. Энх-амгалан: Иргэдийн хашааг худалдан авч сургууль, цэцэрлэг барих боломжтой

Улс төр

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд сургууль цэцэрлэгийн барилгыг эрчимжүүлж хүртээмжийг нэмснээр гурван ээлжийн хичээлийг хоёр ээлжид шилжүүлсэн. Гэсэн хэдийн ч өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 38 хороо огт сургууль цэцэрлэггүй байгааг боловсролын сайд онцоллоо. Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн барилгыг нэмэгдүүлэхэд хамгийн түрүүнд тулгамдах асуудал газар байдаг байна.

Үндэсний хэмжээнд сургууль цэцэрлэгийн 126 объект нэн шаардлагатайг хэлж байна. Манай улс сургууль цэцэрлэг барихдаа томоохон хэмжээнд буюу 1000-аас дээш хүүхдийн багтаамжтайгаар төлөвлөн барьдаг нь нийслэлийн хувьд одоо тохиромжгүй гэдгийг онцоллоо. Тухайлбал сургууль цэцэрлэггүй хороодод 2-4 айлын газрыг худалдан авч хүн амд нь тааруулан 100-150 хүүхдийн багтаамжтайгаар сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдэх боломжтойг хэлж байна.

Сургууль цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байдаг нь нийслэлийн авто замын түгжрэлд чамгүй хувь нэмэр оруулж байгааг салбарын сайд засгийн газрын хуралдаан дээр хэлсэн юм. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалд нийслэлийн удирдлага болоод засгийн газар онцгой анхаарах хэрэгтэйг хэллээ.