С. Батцэцэг: Хятад Улс манайд хамгийн зөөлөн хандаж байгаа, улс төрийн харилцаа муудах биш сайжирсан

Улс төр

Урд хөршийн эрээн боомтод халдвар гарснаас үүдээд тодорхойгүй хугацаанд хилээ хаагаад байгаа. Тэгвэл Хятадын тал ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулагдах өвлийн олимп хүртэл хилээ нээхгүй байх эрсдэл өндөр байна. Учир нь өвлийн олимп хүртэл дотоодод халдвар гаргахгүйн тулд хатуу дэглэм баримтлан ажиллаж гадны улсын оюутан хүлээн авахгүйн дээр томоохон төрийн айлчлал ч хүлээн авахгүй байгаа юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалд улс төрийн харилцаа муудсан, хоёр хөрш манай улсыг шахаж хавчиж байна гэх зэрэг мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж байгаа. Тэгвэл хоёр хөрштэй урд өмнөхөөсөө ч илүү сайн харилцаатай байгааг салбарын сайд хэлж байна.  

Манай улсаас гадна БНХАУ-тай хуурай замаар хиллэдэг долоон боомт бий. Дээрх боомтууд дээр хатуу хяналт тавьж, хариуцлага алдаж халдвар тархах эрсдэлийг бий болгосон гэж үзэн 1000 орчим төрийн алба хаагчдаа Хятад улс хариуцлага тооцжээ. Халдвар тархаахгүй байх тал дээр хатуу хяналт тавин ажиллаж байгаа хятадын тал ажлаас чөлөөлөхөөс эхлээд коммунист намын гишүүнээс хасах хүртэл хатуу арга хэмжээ авч байна. Тиймээс манай улс хил залгаа боомтууд дээр халдвар хамгааллын дэглэм сахихад анхаарах шаардлага байгааг онцоллоо. 

Хятад улс өвлийн олимпоо дотоодын үзэгчдэд нээлттэй байхаар төлөвлөсөн. Тиймдээ ч дотоодод халдвар тархаахгүй байхад хатуу хяналт тавьж байгаа тул хилээ хэзээ нээхийг тодорхой хэлэх боломжгүй гэж мэдээлэлжээ. Магадгүй өвлийн олимпын дараа нээхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс эрээнээс бусад боомтоор нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн татах боломжийг судалж байгааг МАН-ын бүлгийн дарга хэлж байна. 

Цар тахлаас үүдэлтэй хямралд хөрш орнуудын харилцаа муудсан гэх буруу ташаа мэдээлэл цацахгүй байхыг салбар хариуцсан сайд хүссэн юм. Урд өмнөхөөсөө ч илүү найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байгааг онцоллоо. Тиймдээ ч ирэх арван хоёрдугаар сард МУ-ын Ерөнхийлөгч ОХУ руу айлчлахаар төлөвлөсөн бол халдварын нөхцөл байдал сайжирвал өвлийн олимпын үеэр Ерөнхий сайд Хятад улс руу айлчлал хийхээр төлөвлөөд байна.